Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Дэмбэрэлийн Нямцэрэн ОХУ-ын Буриадын БНУ-ын Тэргүүн Алексей Самбуевич Цыденовт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр консулын экзекватурын хувийг гардуулав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа түүний дотор Монгол, Буриадын эдийн засаг, худалдаа аж үйлдвэр, эрүүл мэнд, соёлын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, энэ онд тохиож байгаа Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний тухай ярилцав.
Ерөнхий консул Д.Нямцэрэн Монгол, Орос, тэр дундаа Монгол, Буриад хоорондын хамтын ажиллагааг цаашид тууштай хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааг ялангуяа бүс нутгийн хил орчмын харилцаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарч, олон чиглэлд хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.
Буриадын БНУ-ын тэргүүн А.С.Цыденов Монгол, Буриад нь түүхэн хэлхээ, холбоотой улсууд бөгөөд цаашид ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагааг илүү бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.