Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд А.Ю.Манилова нар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлын уулзалт хийж, хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн соёл, урлагийн төлөвлөсөн арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Даваа “өнөөдрийн энэхүү ажил хэргийн уулзалт ОХУ-ын соёлын ажилтнуудын өдөр зохион байгуулагдаж буйд сэтгэл нэн хангалуун” байгаагаа илэрхийлээд Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд А.Ю.Манилова болон уулзалтад оролцогчдод, тэднээр уламжлуулан ОХУ-ын Соёлын салбарын нийт ажилтнуудад баярын мэнд хүргэв.
Хоёр орны соёлын салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд талуудын соёл, урлагийн тухайлсан байгууллага хоорондын шууд хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд А.Ю.Манилова уулзалтын үеэр онцлоод энэхүү харилцааг үр өгөөжтэй болгоход ОХУ-ын Соёлын яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно хэмээн тэмдэглэв.
Уулзалтаар хэлэлцэж буй асуудлуудыг бодит ажил хэрэг болгох шийдлийн арга замын талаар талуудын байр суурь ижил байгааг Элчин сайд Д.Даваа уулзалтын үеэр тэмдэглээд хоёр орны соёлын харилцааг, тухайлбал яам хоорондын, соёл, урлагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам тууштай дэмжин ажиллана гэж хэлэв. Соёл, урлагийн хамтарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, соёлын салбарын боловсон хүчин бэлтгэх, музейн хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн энэхүү уулзалтад Оросын талаас Соёлын яамны Музей, гадаад харилцааны газрын орлогч захирал Н.В.Чечель, А.А.Кузнецов, Урлаг, ардын уран бүтээлийг дэмжих газрын орлогч захирал Э.Э. Исаакян, Бүс нутгийн бодлого, боловсрол, хөтөлбөрийн удирдлагын газрын орлогч захирал Л.В.Федякина, Музей, гадаад харилцааны газрын Олон улсын соёлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.А.Иващенко болон ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал Р.И.Журавлев нар, Монголын талаас Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү, Д.Эрдэнэбүрэн нар тус тус оролцов. Уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд амжилттай болж өндөрлөв.