“Коксжсон нүүрс нийлүүлэх асуудлаарх Энэтхэг-Монголын хамтарсан ажлын хэсэг”-ийн 3 дугаар сарын 25-нд цахимаар зохион байгуулсан бөгөөд Элчин сайд Г.Ганболд, Элчин сайд М.П.Сингх нар оролцсон тус ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Энэтхэгийн Гангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Энэтхэгийн Гангийн үйлдвэрлэлийг удирдах газар (SAIL), Энэтхэгийн “RINL”, “Tata Steel” компани, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төлөөлөл оролцож, коксжсон нүүрс Энэтхэгт экспортлох боломжийн талаар санал солилцов.
Энэтхэгийн Нүүрс баяжуулагчдын холбоо, Монголын Нүүрсний ассоциаци өнгөрөгч хоёрдугаар сарын 10-нд мөн цахимаар уулзаж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн коксжих нүүрсний агуулга, чанарын талаар ярилцсан бөгөөд монголын талаас коксжих нүүрсний дээжийг Энэтхэгийн Гангийн үйлдвэрлэлийг удирдах газар (SAIL)-т хүргүүлсэн юм. Уг дээжийг лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийж Мэргэжлийн комиссоор хэлэлцүүлж Монгол Улсаас урт хугацаанд коксжих нүүрсийг тогтвортой байдлаар худалдан авах асуудлаар шийдвэр гаргах бэлтгэлийг хангахаар хоёр талын ажлын хэсэг ажиллаж байгаа болно.