Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскиг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг вакцинжуулалтын явц, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв.
Хоёр улсын хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг талууд уулзалтын үеэр хөндөж ярилцав. Мөн Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч байгааг сайд Б.Батцэцэг тэмдэглэж, Монгол, Унгарын соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд кино үйлдвэр, түүх, археологи, соёлын өвийн чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын байгууллагын сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар талууд ярилцсан байна.