“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2020 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал 3 дугаар сарын 25-ны өдөр ГХЯ-нд болов. Хамтарсан хорооны хуралд холбогдох яамд, агентлагууд болон Улаанбаатар дахь НҮБ-ын системийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.
ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны захирал Д.Гэрэлмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийг сэргээх чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2020 оны хэрэгжилт цар тахлын нөхцөлд явагдсаныг онцолж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба, НҮБ-ын системийн байгууллагуудын идэвхтэй хүчин чармайлт, манай холбогдох байгууллагуудын оролцоотойгоор өмнөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснийг тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр 2023 оноос хэрэгжиж эхлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийг боловсруулахад холбогдох талуудын оролцоог хангаж, КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг тооцож, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилгуудтай нягт уялдуулахын чухлыг онцлов.
НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Т.Мишра хэлсэн үгэндээ “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2020 оны хэрэгжилтийн тайланг гаргахад оролцсон НҮБ-ын системийн байгууллагуудад талархал илэрхийлээд уг тайлан нь баримт бичгийн 2020 оны зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын баг хэрхэн нөөц хүчээ дайчлан ажилласан, гол донорууд болон түншүүдийн хувь оролцоо, амжилтыг тодорхойлох үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар танилцуулж байгааг тэмдэглэв. Тэрбээр цааш нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх болон 2023-2027 оноос хэрэгжих шинэ Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах ажлын талаар товч танилцуулсан байна.
Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2020 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.