Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв. Мөн Монгол Улс, Беларусь Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиохтой холбогдуулан соёлын өдрүүд, бизнес эрхлэгчдэд чиглэсэн үзэсгэлэнг харилцан зохион байгуулахаар ярилцав.
Элчин сайд С.В.Чепурной сайд Б.Батцэцэгт Гадаад харилцааны сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцын талаар товч танилцуулав.
Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов.