Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЗАНАБАЗАРЫН НАМТАР, УРАН БҮТЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

ЗАНАБАЗАРЫН НАМТАР, УРАН БҮТЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Москва хотын М.А.Волошины нэрэмжит Номын сан-соёлын төвд өндөр гэгээн Занабазарын  уран бүтээлийн ертөнцөөр аялуулсан  сонирхолтой арга хэмжээ  2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Монгол, Түвд судлалын нэртэй эрдэмтэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, хатагтай Сүрэнханд Сыртыпаева “Мастертай уулзуулах нь” сэдэвт лекц уншиж, Монголын оюун санааны ертөнцийн томоохон төлөөлөгч өндөр гэгээн Занабазарын  намтар, уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй, шинэ сэргэг мэдээлэл бүхий танилцуулга хийв.

Хатагтай Сүрэнханд Сыртыпаева өөрийн лекцдээ Гандан хийд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу хийд болон А.Алтангэрэл зэрэг хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдан үлдсэн Занабазарын өөрийн хөрөг, Бурхан Будда, Цагаан, ногоон дагина зэрэг дүрслэх урлагийн хосгүй бүтээлүүдийн онцлог, ур хийц, агуулга, бэлэгдлийн талаар ярьж, Монголын Микеланджело хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Занабазарын бүтээлүүд Америк, Хятадад, Оросын Эрмитаж, Дорно дахины улсын музей, Буриадын музей, хувь цуглуулагчдын гарт хадгалагдан үлдсэнийг дурдав.

Оросын нэгэн цуглуулагч Занабазарын бүтээсэн бурхан Буддагийн баримлыг  Хятадын сонирхогчид 70-80 сая юанаар зарсан гэж Сүрэнханд хатагтай дуулгав. Лекцийн үеэр оросын нэгэн цуглуулагчийн өв хөмрөгт хадгалагдан буй Аюуш бурхныг эх дүрээр нь залж, оролцогчдод сонирхууллаа. М.А.Волошины нэрэмжит Номын сан-соёлын төвийн Дорно дахины салбарын эрхлэгч Виктор Солкин Занабазар хийцийн энэ хосгүй бурхан хоёрдахь удаагаа манай номын санд заларлаа гэж тодотгож байв.

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү лекцэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Ганболд оролцож, түүхийн шинжлэх ухааны доктор Сүрэнханд Сыртыпаевагийн эрдэм судлалын ажилд амжилт хүсэв.