Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД-II” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД-II” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд баталсан “Дэлхийн монголчууд” хөтөлбөр 2020 дуусгавар болсонтой холбогдуулан уг хөтөлбөрийн үргэлжлэл болох “Дэлхийн монголчууд-II” цогц арга хэмжээний төслийг боловсруулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг тусган үүгээр танилцуулж байна. Цогц арга хэмжээний төсөлтэй танилцаж 2021 оны 4 сарын 01-ний дотор саналаа өгнө үү. Саналыг dep11@mfa.gov.mn хаягаар ирүүлнэ. Цогц арга хэмжээний төслийн талаар Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын 261939 утсаар холбогдоно уу.

 

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД-II” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ

 Нэг. Нийтлэг үндэслэл 

  1. “Дэлхийн монголчууд” гэдэг ойлголтыг өргөн утгаар нь “хилийн чанад дахь монголчууд” (Mongols abroad) гэж, үүний дотор Монгол Улсаас гарсан иргэдийг “хилийн чанад дахь монгол иргэд” (Mongolians abroad) гэж тодорхой ялгамжтай 2 түвшинд өөр өөр нэртомъёогоор тодорхойлж байна. Мөн “үндэсний адилшил”, “үндэсний ондоошил” зэрэг оновчгүй үгээр илэрхийлж байгаа “national identity” гэдэг нэр томъёог “үндэсний хэншил” гэж оноож байна, амьдардаг газраасаа үл хамааран өөрийгөө хэн гэж ухамсарлаж байгаагаар нь “хэншил” гэдэг ойлголтыг тодорхойлж болох тул энэ нэр томъёог хэрэглээнд оруулж, цаашид хэвшүүлэх саналтай байна.
  1. Эдгээр хоёр түвшинд суугуул газрынхаа хэл соёлд автах, эх хэлээ мартах үйл явц түргэсэж байна. Хилийн чанад дахь нийт монголчуудын татагдах хүчний төв нь Монгол Улс байх тул тэдний үр сад, хойч үе үндэсний хэншилээ хадгалж үлдэхэд монгол төр тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой, энэ үүргийг дэс дараалалтай үйл ажиллагаа болгон төлөвлөж хэрэгжүүлэх явдал цогц арга хэмжээний зорилго болно.
  1. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа нь үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх”, “үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс нь эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа” гэж тодорхойлсон, мөн “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авна” гэсэн заалт бий.
  1. “Гадаад бодлогын үзэл баримтлал”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрүүдэд хилийн чанад дахь монголчуудад хэл соёлоо хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх тухай заалтууд оржээ. Мөн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээг төлөвлөн боловсруулж хэрэгжүүлнэ” гэж орсон байна.

Хоёр. Зорилтууд

 Цогц арга хэмжээний хүрээнд дараах зорилтыг дэвшүүлнэ:

 1) хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг баталгаажуулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно;

2) хилийн чанад дахь монгол иргэдийг цахим бүртгэлд хамруулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ;

3) хилийн чанад дахь монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, тэдэнд монгол хэлээ сурах боломжийг бүрдүүлнэ;

4) монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, сурталчлан таниулах, монгол судлалын үйл ажиллагааг идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

5) хилийн чанад дахь монгол соёлын өвийг хадгалан хамгаалахад оролцож, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулна;

6) хилийн чанад дахь монгол иргэдийн санаачилга, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж соёл, урлаг, спорт, эрдэм шинжилгээний арга хэмжээг хамтран зохион байгуулна;

7) хилийн чанад дахь монголчуудын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа хадгалахад нь дэмжлэг үзүүлнэ.

 Гурав. Хэрэгжүүлэх арга хэмжээ

  1. Хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг баталгаажуулж эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) хилийн чанадад төрж, гадаад улсын харьяат болсон монгол хүн эх орондоо зорчих, оршин суух таатай нөхцлийг бүрдүүлнэ;

2) гадаадын харьяат монгол хүн Монгол Улсын иргэншил авах, сэргээн тогтоолгох процедурыг хялбаршуулна;

3) нийгмийн хамгааллын салбарт хоёр талын хэлэлцээр байгуулж, хилийн чанадад хөдөлмөр эрхэлдэг иргэд хоёр улсаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг бүрдүүлэх нөхцлийг эрэлхийлнэ;

4) гадаадаас мөнгө гуйвуулах өртгийг багасгах чиглэлээр банкуудтай яриа хэлцэл хийж тодорхой тохиролцоонд хүрнэ;

5) гадаадын цагаачдыг эх орондоо жижиг, дунд үйлдвэр байгуулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг Нидерланд зэрэг орны “IntEnt” төслүүд, НҮБ-ын хөгжлийн “TOKTEN” зэрэг хөтөлбөрт хилийн чанад дахь иргэдээ хамруулахад туслалцаа үзүүлнэ.

  1. Хилийн чанад дахь монгол иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) иргэний болон хилийн бүртгэлд тулгуурлан хилийн чанад дахь иргэдийн нэгдсэн бүртгэлийн сан байгуулна;

2) хилийн чанадад “ноу-хау” чиглэлээр ажилладаг иргэдтэй хамтарч шинэ технологи Монголд нэвтрүүлнэ;

3) хилийн чанад дахь иргэдийн сүлжээг дэмжиж төрийн байгууллагуудтай харилцдаг зөвлөлдөх платформууд байгуулна;

4) хилийн чанад дахь иргэдийн санаачилсан хөгжлийн төслүүдийг дэмжиж бизнесийн байгууллагуудтай холбож өгдөг платформ байгуулна.

  1. Хилийн чанад дахь монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл сурах боломж олгох, цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) хилийн чанад дахь монгол иргэдийн хүүхдэд зориулсан монгол хэл, бичиг, түүх, соёл, өв уламжлалын цахим платформыг хөгжүүлж, цахим сургалт зохион байгуулна;

2) монгол хэл, соёлын төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж, багш нарын заах арга зүй, мэдлэг чадварыг дээшлүүлнэ;

3) хилийн чанад дахь монгол хэл, соёлын төвүүдийн үйл ажиллагааг сурталчилж, дэмжлэг үзүүлнэ;

4) Брюссель дэх ЭСЯ-ны туршлагаар ЭСЯ-ны дэргэд “гэр сургууль” ажиллуулна (ихэнх ЭСЯ-нд байдаг монгол гэрийг байнгын ажиллагаатай болгоно) ;

  1. Монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, сурталчлан таниулах, монгол судлалын үйл ажиллагааг идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) Америк, Европ, Ази тивд тус бүр нэг төвийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, ном товхимолоор хангаж, эрдэмтэн судлаачдын бүтээлд урамшуулал олгодог тогтолцоог бүрдүүлнэ;

2) залуу монголч эрдэмтдийн зуны сургалт, Олон улсын монгол судлалын холбооны их хурлыг зохион байгуулна;

3) монголын судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг гадаадын эрдэм шинжилгээний ном, сэтгүүлд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

  1. Хилийн чанад дахь монгол соёлын өвийг хамгаалах, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) соёлын өв, түүхийн дурсгалт зүйлсийн цахим мэдээллийн сан байгуулж, ном товхимол, каталог гаргах, түгээх чиглэлээр ажиллана;

2) соёлын өвийг хилийн чанадад сурталчлан таниулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулна;

3) соёлын өвийн цахим бүтээгдэхүүн бий болгож түгээнэ.

  1. Хилийн чанад дахь монгол иргэд, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, соёл, урлаг, спорт, эрдэм шинжилгээний арга хэмжээ хамтран зохион байгуулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) хилийн чанад дахь иргэдийн холбоодтой хамтран “Миний Монгол наадам”, “Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт”, “Хилийн чанад дахь оюутан залуучуудын чуулга уулзалт” болон соёл, урлаг, спортын бусад арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ;

2)  хилийн чанад дахь монголчуудын Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрмэлзэлийг дэмжиж “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт”, “Хөдөлмөрийн форум” үзэсгэлэн, “Оюутан дадлага” зэрэг арга хэмжээг зохион байгуулахад оролцоно;

3) хилийн чанад дахь монголчууд болон монгол иргэдийг шагналд нэр дэвшүүлэх журмыг тодорхой болгоно.

  1. хилийн чанад дахь монголчуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа хадгалж үлдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

1) хилийн чанад дахь монголчуудтай хамтран “Монгол туургатны их наадам”, “Алтаргана”, “Дэлхийн монгол туургатан хүүхдийн их наадам” зэрэг соёл, урлагийн томоохон арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, судалгааны төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

2) дэлхийн монголчууд үндэсний хэл, нүүдлийн соёл, зан заншил, уламжлалаа хадгалан хөгжүүлэх, монгол хэл, бичгийн цахим сургалтын хэрэглэгдэхүүнтэй болоход дэмжлэг үзүүлнэ;

3) устах эрсдэлтэй монгол хэлнүүд, нутгийн болон аман аялгууг баримтжуулах, судлах, хэрэглээний эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

                      Дөрөв. Удирдлага, зохион байгуулалт

  1. Цогц арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана. Зөвлөлийн дарга нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
  1. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Зөвлөлийн даргын тушаалаар батална. Зөвлөл нь гадаад харилцаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үндэсний хөгжил, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяат, хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
  1. Зөвлөл нь цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр боловсруулж, Зөвлөлийн даргаар батлуулна.
  1. цогц арга хэмжээний хэрэгжилтийг Зөвлөл хариуцан зохион байгуулж, явц, үр дүнг Засгийн газарт хагас жил тутам танилцуулна.
  1. Зөвлөл нь судалгаа, тайлан гаргах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий цахим мэдээллийн системтэй байна.

 Тав. Санхүүжилтийн эх үүсвэр

  1. Цогц арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

1) шаардагдах хөрөнгийн 60 хувийг улсын төсвөөс;

2) үлдсэн 40 хувийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хандив, тусламжаас бүрдүүлнэ.

  1. Улсын төсвөөс шаардагдах санхүүжилтийг жил бүр тооцож, тухайн жилийн төсөвт тусган батлуулна.

1) Санхүүгийн зарцуулалтын тайлан шилэн хэлбэрээр олон нийтэд нээлттэй байна.

Зургаа. Шалгуур үзүүлэлт

  1. Цогц арга хэмжээний хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

1) хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн эрхийг баталгаажуулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн;

2) хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэдийн тоо, сангийн хөдөлгөөн;

3) нийгмийн хамгааллын чиглэлээр зохион байгуулсан ажил, байгуулсан хэлэлцээрийн тоо;

4) хилийн чанад дахь монгол хэл, соёлын төвүүдэд эх хэл, соёл, түүхийн сургалтад хамрагдсан хүүхдийн тоо;

5) хилийн чанадад зохион байгуулагдсан монгол судлал, соёлын өвийн талаарх олон улс, бүс нутгийн арга хэмжээний тоо;

6) хилийн чанад дахь монгол иргэд, монголчуудын холбоодтой хамтран зохион байгуулсан, дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо;

7) монгол хэл сурсан хүмүүс, гадаадын иргэдийг хамруулсан сургалт, хөтөлбөрийн тоо;

8) хилийн чанад дахь монголчуудтай хамтран зохион байгуулсан, дэмжлэг үзүүлсэн арга хэмжээний тоо;

  1. Зорилтот үзүүлэлтүүдийг Зөвлөл жил бүр тогтоож үнэлнэ.

 Долоо. Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ 

  1. Цогц арга хэмжээний хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот үзүүлэлтээр үнэлнэ.
  1. Цогц арга хэмжээний хэрэгжилтэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

—оОо—

 

 

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi