Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн дэд сайд Пабло Анселмо Теттамантид Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Цахим хэлбэрээр болсон энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол, Аргентины хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг онцлон талуудын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, спортын зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Дэд сайд П.Теттаманти хоёр талын нөхөрсөг харилцааг тэмдэглэхийн сацуу дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх, улмаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан ажлын хэсгийн уулзалт болон ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан зохион байгуулах зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрээр Элчин сайд Ш.Батцэцэгийг Аргентины Ерөнхийлөгч Алберто Фернандест ИЖБ-ээ өргөн барих үеэр уулзахын ерөөл тавьснаар цахим уулзалт өндөрлөв.