Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын уулзалтыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтад монголын талыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, оросын талыг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко нар тэргүүлж оролцов.
Цахим уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй цаг үеийг үл харгалзан манай хоёр улс сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ. Мөн ОХУ, БНХАУ-г холбосон хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил эрчимтэй явж буйг талууд онцлон тэмдэглэв.
Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тус нийгэмлэгийн зээлийн өрийн үлдэгдлийн асуудлыг эцэслэх, төмөр замын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэ ажлын санхүүжилтийн асуудлыг тодорхой болгох зэрэг хамтарсан нийгэмлэгийн өмнө тулгамдаад буй цогц асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг Комиссын дарга нар онцлов.
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт хандаж “Спутник-V” вакциныг манай улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт илгээсэн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко оросын тал энэхүү асуудлыг судалж байгааг мэдээлэв.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг энэ жилийн туршид ажил бүтээлч үйл ажиллагаа, арга хэмжээгээр угтах зорилгоор хамтарсан төлөвлөгөө байгуулан хэрэгжилтийг эхлүүлснийг ЗГХК-ын Монгол, Оросын хэсгийн дарга нар сэтгэл ханамжтайгаар онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 550 монгол оюутан Оросын их, дээд сургуулиудад суралцах боломжтой болсонд талархал илэрхийлж, шинээр Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаа тухай ярилаа.
Монгол Улс болон ОХУ-д цар тахлын нөхцөл байдал сайжирч, хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой цаг үед Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг уламжлал ёсоор зохион байгуулан хэрэгжүүлэхээр Комиссын дарга нар тохиролцлоо. Комиссын дарга нарын энэ удаагийн уулзалтын дүнгээр протокол байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахаар болов.
ЗГХК-ЫН МОНГОЛЫН ХЭСЭГ