Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн сайд Франсиско Бустиёо Бонассод Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Цахим хэлбэрээр болсон уг ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсаас Уругвай улсад суугаа анхны Элчин сайд болж байгаа нь манай улсын Засгийн газар тус улстай явуулж буй харилцаандаа ач холбогдол өгч байгааг онцолж, хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Сайд Ф.Бустиёо Монгол, Уругвайн хамтын ажиллагааг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх, улмаар Монгол Улс “Меркосур”-ын гишүүн орнуудтай харилцаагаа ойртуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
2018 онд Монгол, Уругвайн Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх механизмтай болсон төдийгүй хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж байна.