Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН ВАКЦИН ХАНГАМЖИЙН КОВАКС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОЛГОЖ БУЙ КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН ВАКЦИН ХАНГАМЖИЙН КОВАКС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОЛГОЖ БУЙ КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГ

 Эрхэм зочид оо,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Ахархан хугацаанд хүн төрөлхтний амьдран аж төрөх хэв маягийг нэгэнт өөрчилж, өгүүлж баршгүй аюул занал дагуулж буй Ковид-19 цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд хүн амаа дархлаажуулах ажил дэлхийн өнцөг булан бүрт явагдаж байна.

Өдөрт 8.41 сая тунгаар 121 оронд нийтдэ 334 сая тун вакцин хийгдсэн мэдээ байгаа нь сайшаалтай боловч энэ хурдаар явбал 2 тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад 4 жил шаардлагатай гэсэн тооцоо байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Иймээс дархлаажуулалтын асуудалд улс орон бүр анхаарал хандуулж, хүсэл зориг, үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэхийг өнөөдрийн нөхцөл байдал биднээс шаардаж байна.

Энэ хэцүү цаг үед дэлхий даяар вакцин хангамжийг жигд зохицуулан, түгээх зорилготой байгуулагдсан Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс анхныхаа 14,400 тун вакциныг хүлээн авч буйд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс уг хөтөлбөрт оролцож буй хандивлагч орнууд, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс “AstraZeneca” компанийн хөгжүүлсэн вакцинаас 112,800 тун, “Pfizer” компанийн хөгжүүлсэн вакцинаас 25,740 тунг тус тус хүлээж авна.

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай улс 69,000 хүнийг дархлаажуулалтад хамруулаад буй бөгөөд энэ оны 7 дугаар сард багтаан нийт хүн амынхаа 60% буюу насанд хүрсэн 2 сая гаруй иргэнийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилгыг Монгол Улсын Засгийн газраас тавин ажиллаж байна.

Уг зорилгодоо хүрэхэд өнөөдрийн болон Ковакс хөтөлбөрийн хүрээнд цаашид орж ирэх тун вакцинууд бодит дэмжлэг болох нь дамжиггүй билээ.

Энэхүү ёслолын арга хэмжээнд цаг зав, сэтгэл гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөхийн ялдамд цар тахлын аюул арилаагүй байгаа гэдгийг ямагт санаж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2021 оны 3 дугаар сарын 12