Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedМОНГОЛ, ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫГ ХУРАЛДУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫГ ХУРАЛДУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ

БНПУ-ын Хөгжил, Хөдөлмөр, Технологийн дэд сайд, Польш, Монголын Эдийн засгийн хамтарсан комиссын Польшийн хэсгийн дарга Роберт Томанектай  Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж 2021 оны 3 дугаар сарын 10-нд цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Б.Дорж хоёр улсын хооронд эдийн засаг, худалдааны бодитой хамтын ажиллагаанууд эхлүүлэх боломжууд байгааг тэмдэглэн,  айлчлал хийх, арга хэмжээ зохион байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг талуудын хооронд ярилцаж буй тодорхой асуудлуудаар Польшийн талд саналаа танилцуулав.

Сайд Р.Томанек Монгол Улсын боломжийг өндрөөр үнэлж, тус улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан комиссын хурлыг хийх асуудал 2014 оноос хойшлогдож ирснийг анхааран энэ оны дундуур хуралдуулахаар төлөвлөж байгаа гэдгээ Элчин сайдад мэдээлэв.

Дээрх хурлыг Варшавт хийх ээлжтэй бөгөөд хуралд хоёр талын компаниудыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв. Цар тахлын нөхцөл байдлаас хамааруулан хурлыг цахим эсвэл хагас цахим хэлбэрээр хийх хувилбарыг ч талууд тунгаан үзэх болно.