Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч, профессор Д.Баярхүүг “Монгол ба НҮБ” сэдэвт хоёр цомог маркыг Дипломат албаны музейд дурсгах болсонтой холбогдуулан 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Д.Баярхүү нь олон жил шуудангийн марк, дугтуй, мөн дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгт, зоос цуглуулсан бөгөөд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан өөрийн цуглуулгаас ийнхүү дурсгаж буйгаа уулзалтын үеэр тэмдэглэв.
Эхний цомог дахь 5 сери марк нь Монгол Улс НҮБ-д элссэнийг бэлгэдэн 1962 оны 3 дугаар сарын 15-нд 70 мянган багцаар хэвлэгдэж байжээ. Хоёр дахь цомог дахь марк нь НҮБ-ын 40 жилийн ойд зориулан 1985 оны 10 дугаар сарын 24-нд 250 мянган ширхэг хэвлэгдсэн ажээ. Тус цомогт 1981 онд хэвлэгдсэн блок марк (НҮБ-д элссэний 20 жилийн ойд зориулж 80 мянган ширхэг хэвлэсэн), мөн 2015 онд НҮБ-ын 70 жилийн ойд зориулж 30000 ширхэгээр гаргасан блок марк багтжээ.
Ахмад дипломатч Д.Баярхүү бусад ахмадууддаа хандан өөрсдийн хувийн цуглуулгаасаа Дипломат албаны музейд хандивлахыг уриаллаа.