Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОХУЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургууль 2021 оны 02 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Зүүн хойд Ази дах Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт оюутан, аспирант, залуу эрдэмтэдийн, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн Удирдлага, бүс нутгийн хөгжлийн сургуультай хамтран 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” сэдэвт Олон улсын  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг тус тус зохион байгуулсан билээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлууд амжилттай зохион байгуулагдсанд талархал илэрхийлж ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн ректор В.А.Мау, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургуулийн захирал И.И.Абылгазиев нарт тус тус захидал илгээв.

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлууд зохион байгуулалт, оролцогчдын бүрэлдэхүүн, хэлэлцсэн сэдвийн агуулга, цар хүрээ, ажил хэрэгч байдал  зэрэг бүхий л шалгууруудын хувьд  дээд түвшинд болсон гэдгийг Элчин сайд Д.Даваа захидалдаа тэмдэглээд хурлын бэлтгэл ажил болон хуралдааны үйл ажиллагааг гардан зохион байгуулсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн Удирдлага, бүс нутгийн хөгжлийн сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны тэнхимийн эрхлэгч, гүн ухааны шинжлэх ухааны доктор, профессор С.А.Семедов, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.И.Сухарев, сурган хүмүүжүүлэхийн ухааны дэд эрдэмтэн В.А.Сухарева, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургуулийн Төв Ази, Кавказын орнуудын тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.И.Сыздыкова, Алс дорнод, Зүүн өмнөд Азийн тэнхимийн доцент, түүхийн ухааны дэд эрдэмтэн Р.Т.Сабиров, аспирант К.И.Бикмаева нарт онцгойлон талархал илэрхийлжээ.

“Зүүн хойд Ази дах Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт оюутан, аспирант, залуу эрдэмтэдийн Олон улсын  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ОХУ дахь Монгол судлалын тэргүүлэх төвүүд болох Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэн, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн эрдэмтэд, түүнчлэн 10 гаруй их сургуулийн оюутан, магистрант, аспирант, залуу багш нар, нийтдээ 50 орчим хүн оролцсон бол “Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” сэдэвт Олон улсын  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ОХУ, Монгол, Их Британи, Казахстан, Турк, Франц, Япон зэрэг 10 гаруй орны 100 шахам эрдэмтэд оролцсон байна.