Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХятадЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ СИНГАПУРЫН БИЗНЕСИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ СИНГАПУРЫН БИЗНЕСИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын Бизнесийн Холбоо (SBF)-ны дэд захирал Дариус Лим тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сингапурын Бизнесийн Холбоо нь 27 мянган бизнес эрхлэгч нарыг эгнээндээ багтаасан Сингапурын бизнес эрхлэгч нарын нэгдсэн гол холбоо юм. Тус байгууллага нь нэгдүгээрт, бизнесийн салбар, засгийн газрын хооронд гүүр болох, хоёрдугаарт , бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааг бий болгох, гуравдугаарт Сингапурын бизнесүүдийг чадавхжуулах гэсэн гурван үндсэн чигтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Уулзалтын үеэр Сингапурын Бизнесийн Холбооны зүгээс Сингапурын Техникийн боловсролын институт (ITE) болон Монгол Улсын Боловсролын Яам хооронд гүүр болж, орчин үеийн мэргэжил өндөртэй нарийн мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сургалтын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус байгууллагын төлөөлөл илэрхийллээ.

“Global Connect B2B” нь “GlobalConnect@SBF”-ийн хүрээнд Сингапурын Бизнесийн Холбооны санаачилгын нэг хэсэг бөгөөд Сингапурын компаниудыг дэлхийн хэмжээнд олон улсын компаниудтай холбоо тогтоох, түншлэл бий болгох, бизнес эрхлэхэд нь туслах зорилгоор бүтээгдсэн нэг цэгийн цахим платформ бөгөөд энэ хүрээнд МҮХАҮТ-тай хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн 2019 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” уулзалт, 2020 онд Монгол-Сингапурын цахим бизнес хэлэлцүүлгийг Сингапурын Бизнесийн Холбоо болон МҮХАҮТ-тай хамтран амжилттай зохион байгуулсан. Ийм ч үүднээс Элчин сайд Т.Лхагвадорж хоёр улсын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хөшүүрэг болох Сингапурын Бизнесийн Холбоо болон МҮХАҮТ хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах боломжийг судалж үзэх саналыг айлын талд тавьсан юм.