Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН МСК-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЖОНАТАН БРҮҮКСТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН МСК-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЖОНАТАН БРҮҮКСТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Брүүкстэй цахим уулзалт хийв.

Талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Хоёр дахь Компакт гэрээг эхлүүлэх бэлтгэл ажлын  явц байдлын талаар ярилцаж, хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Мөнхжин энэхүү компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх,  улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал  хувь нэмэр оруулж буй  төсөл гэдгийг  тэмдэглээд, Гэрээг 2021 оны эхний улиралд багтаан хүчин төгөлдөр болгох болзолт нөхцөлүүдийг монголын тал үндсэнд нь хангаад байгааг мэдээлэв.

МСК-тай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.