Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин бэхжиж буйд сэтгэл өндөр буйгаа талууд илэрхийлж, Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн “GSP+” системийг үр дүнтэй ашиглах замаар Европын зах зээлд монголын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
Элчин сайд Т.Христеа Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй түнш болохыг онцлов. Тэрбээр Монгол Улсад Европын хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулалтын тогтвортой таатай эрхзүйн орчин чухал болохыг тэмдэглээд энэ чиглэлээр туршлага хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлэв. Талууд Европын Холбооноос манай улсад 2021-2027 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилттой уялдуулах талаар санал солилцов.