Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМонгол Улсын тухайМонгол Улсын үндсэн хууль

Монгол Улсын үндсэн хууль

Гучин долдугаар зүйл.

1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.

2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. Монгол Улсын Засгийн газар

Гучин наймдугаар зүйл.

1.Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

2.Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;

2/шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;

3/салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

4/хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

5/төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

6/улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;

7/хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8/төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;

9/Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.

3.Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Гучин есдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Дөчдүгээр зүйл.

1.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

2.Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

Дөчин нэгдүгээр зүйл.

1.Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.

2.Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

Дөчин хоёрдугаар зүйл.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Дөчин гуравдугаар зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Дөчин дөрөвдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Дөчин тавдугаар зүйл.

1.Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Дөчин зургадугаар зүйл.

1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.

2.Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.

3.Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

ДӨРӨВ. Шүүх эрх мэдэл

Дөчин долдугаар зүйл.

1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

2.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.

3.Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.

Дөчин наймдугаар зүйл.

1.Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

2.Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

3.Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

Дөчин есдүгээр зүйл.

1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

4.Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн./

Тавьдугаар зүйл.

1.Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;

3/хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;

5/хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.

2.Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.

3.Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

Тавин нэгдүгээр зүйл.

1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

3.Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.

4.Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Тавин хоёрдугаар зүйл.

1.Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.

2.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.

3.Хуульд тусгайлан зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно.

1 2 3 4 5 6