Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЭЛЧИН САЙД Н.ЭРДЭНЭТУЯА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД Н.ЭРДЭНЭТУЯА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

 

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн оршин сууж байгаа бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, иргэд, хүмүүнлэгийн харилцааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ инноваци, гарааны бизнесийн шинэ чиглэлд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж буйг Элчин сайд онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлсэн үгэндээ Монгол Улс энэ оны 7 дугаар сард Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх гэж буйг дурдаж дэлхий улс орнууд 2021 онд КОВИД-19 цар тахлыг даван туулж, амьдралын шинэ хэв маяг бүхий ирээдүйд шилжин ороход олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал болохыг онцлов. Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн “Солонгосын шинэ боломж” бодлогын хүрээнд хоёр улс хамтран ажиллах нөөц боломж буйг Ерөнхийлөгч уулзалтын үеэр цохон тэмдэглэж ярив. Түүнчлэн БНСУ-ын дэвшүүлсэн Солонгосын хойгийн энхтайван, хамтын ажиллагааны санаачилга болон 2021 оны 5 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдах “Ногоон өсөлт ба Дэлхийн 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл–P4G” уур амьсгалын асуудлаарх олон улсын хуралд БНСУ-ын Засгийн газар анхаарч ач холбогдол өгч буйг Ерөнхийлөгч тэмдэглээд энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэв. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан Элчин сайдад баяр хүргэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.