Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, оны хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар санал солилцов.
Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.