Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН САР БҮРИЙН УУЛЗАЛТАД ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН САР БҮРИЙН УУЛЗАЛТАД ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн бүх гишүүдийн 2021 оны 1 дүгээр сарын уулзалтад илтгэгчээр оролцов. Тус уулзалт нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Zoom платформыг ашиглан цахимаар зохион байгуулагдсан бөгөөд МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт удирдан 80 орчим гишүүдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдав. 2021 оны 1 дүгээр сарын уулзалтын сэдэв нь “Ковид-19 цар тахлын үеийн  Монголын эдийн засаг: 2021 оны төсөөлөл, төрийн шийдвэрүүд, цаашид авах арга хэмжээ” байв.

 

Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол Улсад худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба сар бүр зохион байгуулагддаг энэхүү хуралдаанд бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөллүүд оролцдогоороо онцлог юм. Энэ удаагийн уулзалтад Элчин сайд Т.Лхагвадорж “Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас COVID-19 халдварт өвчний тархалтын улмаас эдийн засагт учирч буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр илтгэл тавив.