Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ВЬЕТНАМЫН ЭЛЧИН САЙД ДОАН ТХИ ХЫӨНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ВЬЕТНАМЫН ЭЛЧИН САЙД ДОАН ТХИ ХЫӨНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Доан Тхи Хыөнг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, идэвхтэй ажилласныг Гадаад харилцааны сайд өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхэд болон худалдааг өргөжүүлж, ард иргэдийн солилцоог идэвхжүүлэх чиглэлд Элчин сайд онцгой анхаарч ажилласныг тэмдэглэн, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яам бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Элчин сайд Доан Тхи Хыөнг талархаад Монгол Улстай найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд цаашид ч хүчин зүтгэхээ илэрхийлэв.