Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд 60 жилийн ойтойгоо золголоо. Энэхүү түүхэн тэмдэглэлт үйл явлыг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар харилцан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ нэгэн жарны хугацаанд манай хоёр орон, ард түмнүүд бие биеэ танин мэдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр нөхөрлөж ирснийг тэмдэглээд Монгол, Кубын харилцааны үндэс суурь болсон итгэлцэл, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн бол БНКУ-ын Ерөхийлөгч Мигель Диаз-Канел хамтын ажиллагааг нийтлэг сонирхол бүхий салбаруудад үргэлжлүүлэн бэхжүүлэхээ нотолжээ.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс БНКУ-тай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг дурдаад өдгөө Монгол, Кубын хамтын ажиллагаа эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуй, боловсрол, спортын зэрэг салбарт талуудын бодит боломжид тулгуурлан хөгжиж байгааг тэмдэглэв. Кубын Гадаад хэргийн сайд мэндчилгээндээ хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны уламжлалт хэлхээ холбоог үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа онцолжээ.
Ойг тэмдэглэх хүрээнд ГХЯ-наас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгуулж, “Mongolia Тoday” сэтгүүлд тусгай дугаар гаргаж, “Монголын нууц товчоо”-г испани хэл дээр дахин хэвлүүлэв.