Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРЛЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХУРАЛ БОЛОВ

АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРЛЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХУРАЛ БОЛОВ

Энэ оны 12 дүгээр сарын 11-ний өдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Ахлах албан тушаалтны хурал цахим хэлбэрээр боллоо.

Энэхүү цахим хуралд АХАИББХ-ын гишүүн 27 улсын ахлах албан тушаалтнууд буюу Гадаад хэргийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын захирал нар оролцож, АХАИББХ-ын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон АХАИББХ-ын нарийн бичгийн дарга нарын газрын төсвийг хэлэлцэн батлав.

Хуралдааны үеэр АХАИББХ-ын даргалагч Бүгд Найрамдах Казахстан Улс АХАИББХ-ын сан, зөвлөл байгуулах санаачилгуудаа танилцуулав. Хуралдааны шийдвэрээр АХАИББХ-ын Нарийн бичгийн даргын газар гишүүн орнуудын саналыг тусгаж дараагийн хурлаар санаачилгуудыг хэлэлцүүлэхээр болсон байна.

Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа оролцов.

АХАИББХ нь Азид энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой олон улсын хурал бөгөөд эдүгээ 27 гишүүн, 13 ажиглагч гишүүнтэй.