Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ ЗОРИЛГЫГ АХИУЛАН ТОДОРХОЙЛОХ” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЦАХИМ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ ЗОРИЛГЫГ АХИУЛАН ТОДОРХОЙЛОХ” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЦАХИМ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

Парисын хэлэлцээрийн 5 жилийн ойг тохиолдуулан Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох Дээд хэмжээний цахим уулзалт (Climate Ambition Summit) энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр болж өнгөрөв. Энэхүү Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн оролцогч талуудын 26 дугаар бага хурал (COP26)-ын бэлтгэл ажлын хүрээнд ИБУИНХУ, БНФУ, НҮБ-тай хамтран зохион байгуулав.

Дээд хэмжээний уулзалтад 75 улс орон Төрийн тэргүүн буюу Засгийн газрын тэргүүний түвшинд оролцож, 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ ахиулж, зарим улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх амлалт өгөв.  Түүнчлэн НҮБ, Европын Холбоо, ОУВС зэрэг олон улсын байгууллага, холбоод болон Apple зэрэг томоохон компаниудын төлөөлөл оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулж, энэ чиглэлээрх олон улсын сан, хөтөлбөрүүдэд оруулж буй хандиваа нэмэгдүүлэх талаар ярив.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх хүртэл тус бүрийн улсдаа Уур амьсгалын онцгой байдал зарлахыг уриалав. ИБУИНХУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулж буй үндэсний хувь нэмрээ 2030 он гэхэд 68 хувь хүртэл өсгөж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхийг Ерөнхий сайд Борис Жонсон амлав. Түүнчлэн Европын Холбоо болон гишүүн орнууд нь үндэсний хувь нэмрээ 55 хувьд хүргэхийн сацуу 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхээ амлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ анх тогтоосон 14 хувиас 22.7 хувь болтол нэмэгдүүлж, цаашид 27.2 хувьд хүргэх зорилготой байгааг зарлав. Энэхүү зорилтод хүрэхийн тулд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн тодорхой төслүүд хэрэгжиж эхлээд байгааг мэдэгдэв. Тухайлбал, Говийн бүс нутагт цөлжилттэй тэмцэх зорилгоор 1,000 км усжилтын суваг барьж байгуулахад бэлэн болсныг мэдэгдсэн.

БНХАУ-ын дарга Ши Жинпинь ДНБ-ний нэгж тутамд нүүрсхүчлийн ялгарлын эзлэх хэмжээг 2030 он гэхэд 2005 оны суурь түвшингээс 65 хувиар бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд цэвэр эх үүсвэрийн эзлэх хувийг 2005 оныхоос 25 хувиар нэмэгдүүлж, ойжуулалтыг 6 тэрбум м3 газарт нэмэгдүүлнэ гэж хэлсэн нь анхаарал татав.