Монгол Улсын Гадаад харилцааны яам Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-тэй хамтран “АСДҮОУХ-ийн Дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсад болсон сонгуулийн сорилт, бэрхшээлүүд” сэдвээрх цахим хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 11-нд зохион байгуулав.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас-Замора, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, АСДҮОУХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лина Риккила Таманг нар Дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэл, Монгол Улс дахь ардчиллын төлөв байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн талаар танилцуулж, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд, АСДҮОУХ-ийн гишүүн орнуудын ЭСЯ-дын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын ардчилсан тогтолцооны шилжилт болон нааштай өөрчлөлт, шинэчлэлийн талаарх туршлагыг хуваалцах, эерэг ойлголтыг төрүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болов.
Энэ дашрамд АСДҮОУХ нь Шведийн Стокхолм хотноо төвтэй олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой. Монгол Улс АСДҮОУХ-д 2011 онд гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. 2013 онд зохион байгуулагдсан гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанаас хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон 2017 оныг дуустал ажилласан. Мөн Монгол Улс 2015 онд тус хүрээлэнгийн Зөвлөлүүдийн хурлын дэд даргаар, 2016 онд АСДҮОУХ-гийн гишүүн орнуудын Зөвлөлийн даргалагч орноор сонгогдон ажилласан.