Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАНУ-ЫН КОНГРЕСС МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАВ

АНУ-ЫН КОНГРЕСС МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАВ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлав.

Тогтоолд Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн ололтууд, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны амжилтууд, тухайлбал, хоёр улс 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Замын зураглалыг тохиролцсон, МСК-ын Хоёрдугаар компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэргийг онцолжээ.

Улмаар Монголын эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэгийг авах, Монгол, Америкийн худалдааг нэмэгдүүлэх, Монголын ардчилал, эдийн засгийн хөгжил, авлигатай тэмцэх хүч чармайлтыг дэмжиж ажиллахыг Төрийн департамент, Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац болон АНУ-ын Засаг захиргааны холбогдох бусад байгууллагуудад уриалсан байна.

Түүнчлэн Монгол Улсын ардчилсан хөгжилд иргэний нийгмийн оролцоо чухал болохыг тэмдэглэж, чөлөөт, шударга, итгэлтэй сонгуулийн тогтолцоогоо тууштай байлгах, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх, тэдгээрийн хараат бус байдлыг сайжруулж ажиллахыг монголын талд уриалжээ.

Тогтоолын төслийг АНУ-ын Конгресс дахь Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг, Бүлгийн гишүүн Т.Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Д.Прайс нарын гишүүд  2020 оны 9 дүгээр сарын 4-нд өргөн барьсан юм. Тогтоолыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэх үеэр гишүүн Т.Ёохо, Ж.Раскин нар дэмжиж үг хэлэв.