Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохНҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УЛС ОРНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2020 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УЛС ОРНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2020 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Гадаад харилцааны яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сангаас 2017-2022 онд хэрэгжүүлж байгаа Улс орны хөтөлбөр (Country Programme)-ийн 2020 оны хэрэгжилтийн тайлангийн хурлыг өнөөдөр цахимаар зохион байгуулав. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын бусад байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын Засгийн Газартай хамтран Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй орон нутгийг бэхжүүлэх, засаглал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн ядуурлыг бууруулах чиглэлээр судалгаа, үнэлгээ хийж, дэлхийн бусад орны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүүхдийн боловсрол, хөгжлийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг туслалцаа, тухайлбал, цахим хичээлийн чанар хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглээд, нийгмийн хамгаалал, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг хүүхэд хамгааллын хөтөлбөр нь ядуурлын түвшинг бууруулахад чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэлээ.

Тайлангийн хурлаар хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, хүртээмжтэй, эрүүл, чанартай сургалтын орчинг бий болгох, тэгш боломж бүхий нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх гэсэн 3 зорилт тус бүрээр ЭМЯ, ХНХЯ болон БШУЯ-наас мэдээлэл хийж, санал дүгнэлтээ танилцуулсан.

Оролцогчид цаашид тэгш хамруулсан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, тэр дундаа цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр илүү идэвхтэй ажиллах шаардлага байгааг тэмдэглэсэн байна.