Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЖЕНДЭРИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

ЖЕНДЭРИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны яам, Жендэрийн үндэсний хороо хамтран Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх уулзалтыг 11 дүгээр сарын 5-нд ГХЯ-нд зохион байгуулж, жендэрийн асуудлаарх төсөл, хөтөлбөрийн нэгдмэл байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцов.

Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Хрисеа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон Австрали, АНУ, ХБНГУ-ын ЭСЯ, Улаанбаатар дахь олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудаас төлөөлөгчид оролцов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах,  хөгжлийн бүхий л бодлого, үйл ажиллагаандаа жендэрийн баримжаатай хандлагыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч буйг тэмдэглэж, бодлого боловсруулалт, төлөвлөлт, хэрэгжилтийн болон хөрөнгө зарцуулалтын хяналт үнэлгээг үр бүтээлтэй явуулах, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал байгааг онцолсон байна.

Түүнчлэн Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, МУИС-ын багш С.Түмэндэлгэр нар холбогдох асуудлаар тус тус илтгэл тавив.

Засгийн газар болон гадаад түншүүд хооронд зөвлөлдөх уулзалтыг тогтмол хийж буй нь бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг солилцох, харилцан итгэлцэл, хариуцлагатай, үр дүнтэй хамтын ажиллагааг хангахад ач холбогдолтой юм.