Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЖЕНЕВ ХОТНОО “ТОГТВОРТОЙ НООЛУУР” СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВӨЛГӨӨН БОЛОВ

ЖЕНЕВ ХОТНОО “ТОГТВОРТОЙ НООЛУУР” СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВӨЛГӨӨН БОЛОВ

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Тогтвортой ноолуур” сэдэвт зөвөлгөөн зохион байгуулав.

Зөвөлгөөнд Женевт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх салбар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Женев дэх салбар, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг байгаль орчны болон эдийн засаг, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцов. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төсөл, Францын Байгаль орчны Сан, Францын “хил хязгааргүй агрономчид” зэрэг монголын ноолуурын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудын төлөөлөл оролцов.

Зөвөлгөөнд оролцогсдод зориулж Засгийн газрын зүгээс ноолуурын салбарын хөгжил, малчдын амьжиргааг тэтгэх, бэлчээр зөв зохистой ашиглах, байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй  бодлого, үйл ажиллагааны талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус тус  мэдээлэл хийв. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас боловсруулсан “Тогтвортой Ноолуурын Платформ”-ын талаар Суурин төлөөлөгч Элейн Конкиевич илтгэл тавьж, бэлчээр ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх Швейцарын туршлагын талаар Олон улсын Тогтвортой мал аж ахуйн Хөтөлбөрийн тэргүүн Фриц Шнайдер танилцуулав.

Зөвөлгөөнөөр боловсруулсан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах, ямааны ноолуураас бусад ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчин өрхийн орлогыг тогтвортой байлгаж, экспортыг төрөлжүүлэх зэрэг цогц асуудлаар байгаль орчин, малын эрүүл мэнд, өртгийн сүлжээ, гадаад худалдааны өнцгөөс олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд хооронд мэдээлэл солилцуулж, Бэлчээрийн тухай хуулийн төсөлд тусгах боломжтой санал, дүгнэлтийг хэлэлцүүлэв.