Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ЗАМЫН-ҮҮД БООМТОД АЖИЛЛАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ЗАМЫН-ҮҮД БООМТОД АЖИЛЛАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын тээвэр ложистикийн зангилаа Замын-Үүд боомтод ажиллав. Тус боомтод ажиллах хугацаанд Замын-Үүд авто замын боомтын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэгч “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн удирдлага, ерөнхий инженертэй уулзаж, ажлын явц байдалтай танилцав.

Энэхүү бүтээн байгуулалтын төслийн хүрээнд Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хэсэгт 30 барилга, ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламж, зам талбай баригдаж, 2021 оны 4 дүгээр улиралд бүрэн ашиглалтад орох юм. Замын-Үүд авто замын боомтын шинэ цогцолбор ашиглалтад орсноор тус  боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, ачааны тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын авто машины тоо 7 дахин нэмэгдэж, боомтоор зорчих иргэдийн тав тухтай орчин бүрдэж, гадаад худалдааны эргэлт бодитоор өсөх нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч Н.Батнасантай уулзаж, тус чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, хэтийн төлөвлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонсож, цаашид чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв.