Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА Д.А.МЕДВЕДЕВТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА Д.А.МЕДВЕДЕВТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын намын 100 жил, Монгол, Оросын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой зэрэг олон чухал тэмдэглэлт ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөнхүү ойн арга хэмжээнд ноён Д.А.Медведевийг биечлэн оролцохыг Монгол Улсын Ерөнхий сайд урилаа. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч буйгаа хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагуудтай харилцан тохиролцсон зүйлс амжилттай хэрэгжиж, түүний дотор ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.