Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСЛОВЕНИ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

СЛОВЕНИ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

Монгол Улс “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав.

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Любляна хотноо гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ.

Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн буюу Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар.