Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш 1975 онд өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Бангкокийн хэлэлцээр”-ийг байгуулсан. БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсон хийгээд оролцогч талууд хэлэлцээрийн цар хүрээг 2005 онд өргөжүүлсэнтэй холбогдуулан “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)” болгон ёсчилсон.
Хэлэлцээр нь хөгжиж буй гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, гишүүн орнууд хоорондын худалдаан дахь тариф, тарифын бус болон худалдаатай холбогдол бүхий бусад саад тотгорыг бууруулах зорилготой.
АНДХХ-ийн оролцогч талууд 4 удаагийн тарифын хэлэлцээ хийж нийт 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон. Тарифаас гадна гишүүн орнууд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн.
АНДХХ нь хоёр хавсралт, барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журмаас бүрддэг. АНДХХ-ийн оролцогч талууд Худалдааг хөнгөвчлөх, Хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, Үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай ерөнхий хэлэлцээрүүдийг байгуулсан.
Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 366 нэр төрлийн барааг багтаасан үндэсний хөнгөлөлтийн жагсаалтаар хэлэлцээрийн оролцогч талуудтай цуврал хэлэлцээ хийж, улмаар нэгдэн орох нөхцлийг 2018 оны 9 дүгээр сард хангасан. Улсын Их хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталснаар АНДХХ-ийн 7 дахь гишүүн улс болсон бөгөөд хэлэлцээрийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх нөхцлийг хангахаар бусад гишүүдтэй ажиллаж байна.
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээр
- Хавсралт I Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт
- Бангладеш
- Хятад
- Энэтхэг
- Лаос
- Монгол
- Солонгос
- Шри Ланка
- Хавсралт II Гарал үүслийн дүрэм
- Хавсралт II.А Салбарын гарал үүслийн дүрэм
- Хавсралт I Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт
- Барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журам
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээр
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд хөрөнгө оруулалтыг чөлөөлөх тухай Ерөнхий хэлэлцээр
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай Ерөнхий хэлэлцээр
Related link: https://www.unescap.org/apta (English version)