Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр буюу энэ 10 дугаар сарын 2-нд Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан өндөр түвшний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг ашиглах нь хүн төрөлхтөн болон соёл иргэншил оршин тогтноход ноцтой аюул занал учруулж байгаа тул цөмийн зэвсгээс ангижрах, цөмийн зэвсгийг бүрэн устгах нь цөмийн дайны аюулыг арилгах цорын ганц арга зам гэдгийг онцлов.
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын 100 гаруй гишүүн улс, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэв.
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос эхлэн хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэж ирсэн. Харин энэ жил цар тахлын улмаас үүсэн нөхцөл байдлын улмаас 10 дугаар сарын 2-нд зохион байгуулжээ.