ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалтад оролцлоо.
Цахим уулзалтад АХАИББХ-ын гишүүн 27 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, өөрийн орны гадаад бодлого, аюулгүй байдал болон цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, цаашид Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр АХАИББХ-ыг даргалах үүргийг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад шилжүүлэв. Бүгд Найрамдах Тажикистан Улс 2018-2020 онд тус бага хурлыг даргалсан бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улс 2020-2022 онд даргална.
Жил бүр зохион байгуулагддаг Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн тусгай уулзалт COVID-19 цар тахлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм.