Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж “Интернэйшнл СОС” Олон улсын эрүүл мэндийн байгууллагын Үйлчилгээ хариуцсан захирал Жулиана Гим тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
“Интернэйшнл СОС” Олон улсын эрүүл мэндийн байгууллага нь дэлхий дахинд 65 салбар болон хамтрагч эмнэлгүүдтэй, олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тухайлбал, 24 цагийн яаралтай тусламжийн үзүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ, албан байгууллагын эрсдэл, онцлогт тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, олон улсын стандартад нийцсэн баталгаат эм, эмийн бүтээгдэхүүн ашиглан эмчлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Сингапур Улс болон Азийн бусад улс оронд үйл ажиллагаа явуулдаг монголын аж ахуй нэгжүүд болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай дэлхий дахинд үүсээд буй цар тахлын онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус байгууллагын төлөөлөл илэрхийллээ.
“Интернэйшнл СОС” Олон улсын эрүүл мэндийн байгууллагын харъяа “MedAire” компани нь нислэгийн үеэр болон нисэх буудал дээрх яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнчлэн “MedLink” төвөөр дамжуулан нислэгийн үеэр нисэх бүрэлдэхүүнд 24/7 зарчимаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгдөг туршлагатай бөгөөд энэ хүрээнд манай “МИАТ ХК”-тай хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Дипломат корпуст зориулан танилцуулга арга хэмжээг цахим байдлаар хамтран зохион байгуулах талаар Дипломат корпусын Тэргүүн, Элчин сайд Т.Лхагвадоржид санал тавилаа.