Энэ оны 9 дүгээр сарын 15-нд НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын 10 жилийн ойд зориулсан тусгай арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, Ази Номхон далайн орнуудыг төлөөлөн үг хэлэв.
Энэ арга хэмжээнд тус байгууллагын үе үеийн Гүйцэтгэх захирлууд, тэр дундаа НҮБ-ын Хүний эрхийн Дээд төлөөлөгч Мишель Башелэ зэрэг өндөр албан тушаалтнууд оролцсон нь онцлог байв.
НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага 2010 онд байгуулагдсанаас хойш жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх чиглэлээр гарсан ололт амжилт, ирээдүйд үүсэх хүндрэл бэрхшээлүүд болон тэдгээрийг шийдвэрлэхэд НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар гишүүн орнууд, НҮБ болон иргэний нийгмийн төлөөлөл хамтран хэлэлцлээ.
Түүнчлэн тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн Хоёрдугаар сэргээсэн хуралдаан энэ өдөр эхэлж, Байнгын төлөөлөгч В.Энхболд нээлтийн арга хэмжээнд үг хэлэв. Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр, 2020 онд зөвлөлийн Орлогч даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР