Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ”-ИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

“ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ”-ИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 10-нд “Мах, махан бүтээгдэхүүний экспорт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр Гадаад харилцааны яаманд болов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван малын тоо толгой жилд дунджаар 5 саяар өсч, 70 гаруй сая толгой малтай болсон ч Монгол Улс мах экспортлогч орон болж чадахгүй байгааг дурдаж, ойрын хугацаанд хоёр хөрш улс руу гарч буй махны экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад АСЕАН, Ойрхи дорнодын орнууд руу экспортлоход өндөр ач холбогдол өгч ажиллах нь чухал байгааг хэлэв. Мөн  монгол махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн нэрээр дэлхийд гаргах, экспортыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлого, “нэг цонхны” зарчмаар уялдаа зохицуулалттай ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Жижиг ашиг сонирхолд хөтлөгдсөн үйлдэл, үйл ажиллагаа экспортын чадамж нөөцтэй бараа бүтээгдэхүүний нэр хүнд, эдийн засагт өгөх үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулав.

Хуралдаанд махны экспортын асуудлаар ХХААХҮЯ, МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хуралдааны мөрөөр махны экспортын зөвшөөрөл, импортлогч талтай харьцах зэрэг асуудлыг нэг мөр болгох зорилготой Ажлын хэсгийг Экспортыг дэмжих зөвлөлийн гишүүдээс байгуулахаар тогтов. Мөн экспортод гаргаж байгаа махны чанар, стандартыг сайжруулах, нөөцийн мах бэлтгэх хугацаа, үнэ тарифын оновчтой зохицуулалтаар дотоодын зах зээл дээр махны үнийг тогтворжуулах, махны борлуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд  тавьж буй хяналтыг сайжруулах болон маркетинг сурталчилгааг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх асуудлаар цаг хугацаатай төлөвлөгөө гаргаж ажиллахаар шийдвэрлэв.

Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийг Ерөнхий сайдын захирамжаар 2019 онд байгуулсан. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд ажилладаг.