Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг 2020 оны 8 дугаар сарын 24-нд хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн оролцоо чухал байгааг онцлов.

Сайд Н.Энхтайван цаашид соёл, боловсрол, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гээд Кувейтийн Засгийн газраас манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Элчин сайд Мухаммад Аль-Мутайри хоёр орны харилцааны түвшинг дээшлүүлэхийн төлөө идэвх  чармайлт гарган ажиллахаа нотлов. Хоёр тал Монгол, Кувейтийн Засгийн газрын хоорондын Комиссын хуралдааныг КОВИД-19 цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдал намжмагц зохион байгуулахаар тохиролцлоо.

Кувейтийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар манай тал Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 400 гаруй км автозам, Монгол, Кувейтийн судалгааны төв, Баян-Өлгий аймагт баригдсан “Кувейт хотхон” зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн.

Манай тал кувейтийн тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна. Саяхан Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байна.  2020 онд манай хоёр улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.