Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ЕХ-НЫ “ТРАМ” ТӨСЛИЙН БАГТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ЕХ-НЫ “ТРАМ” ТӨСЛИЙН БАГТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын худалдааг дэмжих төсөл” (ТРАМ)-ийн багийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар “ТРАМ” төслийн хүрээнд 2017 оноос хойш худалдааны бодлогыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

Сайд Н.Энхтайван шинэ Засгийн газрын бодлогын хүрээнд гадаад худалдаа, экспортыг дэмжих бодлогын асуудлыг чухалчлан авч үзэхээ илэрхийлж, тэр дундаа  ЖДҮ эрхлэгч нарт зах зээлд нэвтрэх боломж олгох, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах асуудлууд чухал болохыг онцлов.

Түүнчлэн “ТРАМ” төслөөс “Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан экспортын санхүүжилт” судалгааны тайланг гүйцэтгэснийг танилцуулав. Уг судалгаагаар үндэсний аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлд нэвтрэхэд шаардлагатай санхүүжилтийн хүндрэлийг тодорхойлон тусгасан ба судалгаанд үндэслэж экспортын зээлийн батлан даалтын тогтолцоог бий болгох зөвлөмжийг боловсруулсан. Энэхүү тогтолцоог бүрдүүлснээр монголын уул уурхайн бус экспортлогч компаниуд экспортын хэмжээгээ 50-80 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтойг судалгаанд дурдсан байна.

Сайд Н.Энхтайван “ТРАМ” төслийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүрсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурдан, төслийн хугацаа 2021 онд дуусах хүртэл дэмжиж ажиллахаа мэдэгдэв.