Цар тахлын нөхцөл байдал гадаад хамтын ажиллагаа, арга хэмжээг аль болох хэвийн явуулахад анхаарч ажиллаж байна.
ОХУ-тай хамтран ажиллаж буй тухай: Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Дэд сайд Б.Мөнхжин нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнгөрсөн 7 хоногт хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтуудын үеэр оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх боломжтой томоохон арга хэмжээнүүдийн талаар болон ирэх онд тохиох Монгол, Оросын хооронд Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх асуудлаар ярилцсан. 2021 оныг Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, энэ чиглэлд хоёр талаас идэвхтэй арга хэмжээ авч ажиллах саналыг Н.Энхтайван сайд дэвшүүллээ.
ОХУ-д бүтээж бүртгүүлсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараагаар манай талд нийлүүлэх хүсэлтийг бид оросын талд албан ёсоор тавьсан байсан. Оросын талаас “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцах бөгөөд тус Сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэн бэлэн байна” гэдгээ мэдэгдлээ. Манай тал вакцины асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг /хэмжээ, хугацаа, төлбөр зэрэг/ тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм байна. Энэ саналыг ЭМЯ, УОК судалж, хариу өгөх болно. Цаашид энэ асуудлаар оросын талтай байнгын хэлхээ холбоотой ажиллах болно.
БНХАУ-тай хамтран ажиллаж буй тухай: Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнгөрсөн хоёр 7 хоногт хүлээн авч уулзсан.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх хүрээнд хэрэгжүүлж буй нь Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журам амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, 3 дугаар сард Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийг сэргээх үед тус боомтоор өдөрт дунджаар 32 машин хил гарч байсан бол 4 дүгээр сард өдөрт дунджаар 108 машин, 5 дугаар сард 420 машин, 6 дугаар сард 478 машин, 7 сард 500 машин хил нэвтэрсэн. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс манай жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1012 машин, 18-ны өдөр 1027 машин, 19-ний өдөр 1035 машин, 20-ны өдөр 1068 машин нэвтэрсэн байна. Сэхээ боомтын тухайд, 7 дугаар сард дунджаар 450 машин гарч байсан бол 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 700 машин нэвтэрч эхлээд байна. Жолооч нарын хятадын талд хоноглох зочид буудлын нөхцөлийг сайжруулах, үнийг бууруулах хүсэлтийг дипломат шугамаар тавьж ирснийг харгалзан хятадын талаас Ганцмод боомтод 180 юань, Сэхээ боомтод 160 юань /оройн хоол, өглөөний цай багтсан/ -аар байрлуулах зохицуулалтыг хийгээд байна.
Түүнчлэн гадаадаас сүүлийн үед монгол иргэдийг татан авч байгаа ажлын явц байдал болон гадаад улс орнуудад сурдаг монгол оюутнуудын асуудлаар холбогдох мэдээллийг хэвлэл, мэдээллийхэнд өглөө.