Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улсын ГХЯ хоорондын яриа хэлэлцээний механизмуудыг бүрэн ашиглаж хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлж, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллахаар ярилцав.
Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлд цаашид ч ГХЯ-ны хамт олонтой нягт хамтран ажиллахаа нотлоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. “COVID-19” цар тахлын хүнд нөхцөлд бизнесийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Монголоос Японыг зорин очих хувийн хэвшлийнхний карантиний горимыг хөнгөвчлөх асуудлыг судалж байгаагаа мөн танилцуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байна. Мөн энэ онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болсон манай оюутнуудын визийг энэ сарын 18-нд олгохоор шийдвэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.