Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллах дипломат болон техник ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулав.
Сургалтаар Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, яам болон Дипломат төлөөлөгчийн газрууд /ДТГ/ -ын чиг үүрэг, ДТГ-т ажиллаж буй албан хаагчдын эрх, үүрэг хариуцлага, төрийн болон гадаад харилцааны салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны өнөөгийн төлөв байдал, ойрын үеийн зорилт, олон улсын гэрээ, байгууллага хоорондын гэрээний асуудал, төрийн болон албаны нууц, дипломат шуудан болон харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн тамхи, хар тамхи болон хууль бус наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл хийж, анхааруулга өгөв.
Сургалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сургалтад хамрагдсан нийт албан хаагчидтай уулзаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, суугаа улстай худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ажлыг хийх, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, аливаа хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлагыг тооцохыг анхааруулж, тэдэнд амжилт хүсэв.