ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ.
ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1915 дугаар тогтоолоор ОХУ-д агаарын хилийн боомтоор Их Британи, Танзани болон Бүгд Найрамдах Турк Улс зэрэг 3 улсын иргэд болон эдгээр улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн нэр дурдсан 3 улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэд тухайн улсаас ОХУ руу шууд нисч, агаарын боомтоор нэвтрэхэд хамааралтай зохицуулалт юм.
Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор иргэдийн дунд ИБУИНХУ, Танзани, БНТУ зэрэг улсаар дамжин ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна.
ОХУ-ын Засгийн газрын тогтоолууд: http://static.government.ru/media/files/O9BnPjt5OAMloP21OxJhtP83FEL7Z8Aw.pdf
http://static.government.ru/media/files/wwGGarWzAuGcDRw4OFHBfkInXcpD0ZPu.pdf
http://static.government.ru/media/files/uPySAqzA9AV39jD1h71za3OR9esIxlDj.pdf