Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАРТ ГАДААД ОРНЫ ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРААС БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛСЭЭР БАЙНА

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАРТ ГАДААД ОРНЫ ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРААС БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛСЭЭР БАЙНА

Монголын Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк, ИБУИНХУ зэрэг гадаадын орнуудын  төр, засгийн тэргүүн нараас баярын мэндчилгээ ирүүллээ. Тухайлбал:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн баярын мэндчилгээндээ “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин хөгжиж байгаа нь манай хоёр улсын ард түмнүүдийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна” гэж цохон тэмдэглэсэн бол ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн мэндчилгээндээ Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жилд хамтран тэмдэглэхийг чухлыг онцлов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ “Он гарснаас хойш талууд Ковид-19 халдварт өвчинтэй хамтран тэмцэж хоёр орны нөхөрлөлийн шинэ түүхийг бичиж байна. Халдварт өвчинтэй тэмцэх үеэр Та БНХАУ-д тусгайлан айлчилж Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь хоёр улсын эв нэгдэлтэй хамтран ажилладаг найрсаг нөхөрлөлийг тод томруун харууллаа. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны тусын тулд, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад илүү их хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэж онцлон тэмдэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  хандан “Манай хоёр ард түмэн стратегийн нэгдмэл эрх ашиг, ардчиллын хамтын үнэт зүйлс, хүний эрхийг хүндэтгэх, хууль дээдлэх зарчмаар гагнагдсан бат бэх түншлэлийн харилцаатай. Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа маань бидний бат бэх харилцааг илтгэж байна. Нийтлэг  эрх ашгаа урагшлуулахаар хамтран ажиллахын сацуу бид чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг цогцлоож чадна гэдэгт миний бие итгэлтэй байна. Өнөөгийн хүнд бэрх цаг үед Ковид-19 цар тахлын үр дагаврыг багасгахын төлөө гаргаж буй бидний хамтын хүч чармайлт манай хоёр орны нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлэх болно” хэмээн мэндчилгээндээ цохон тэмдэглэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  баярын мэндчилгээ илгээж, БНСУ, Монгол Улсын хооронд харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд болж буйг тохиолдуулан манай хоёр улсын хамтдаа хөгжүүлж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам илүү үр өгөөжтэй үргэлжлүүлнэ гэв.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковиндаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн мэндчилгээндээ энэ онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж буйг дурдаад “Оюун санааны хөрш” Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хатан хаан Р.Элизабет Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Танай Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд баяр хүргэж, чин сэтгэлийн баяр хүргэхийн сацуу Монголын ард түмэнд ирж буй жилдээ сайн сайхны өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж буйдаа миний бие туйлын баяртай байна” хэмээн мэндчилэв.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан Хятад, Монгол хоёр улс нь найрсаг харилцаатай хөршүүд, Иж бүрэн стратегийн түншүүд болохыг дурдаад COVID-19 халдварт өвчин дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаа өрнүүлж, эерэг үр дүнд хүрч, цаашид нягт харилцаатай байж, хоёр талын харилцааг урагшлуулан, хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улс, хоёр ард түмний сайн сайхны төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Турк Улс Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан баярын мэндчилгээндээ “Эртний түүхэн улбаатай ах дүүгийн найрамдалт холбоотой манай хоёр орны хүчирхэг харилцаа цаашид Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян баярын мэндчилгээ илгээн, манай хоёр улс Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш харилцан туслалцаж, өвчний эсрэг хамтдаа идэвхтэй тэмцэж, үр өгөөжтэй хамтран ажиллаж буйг тэмдэглэж, хоёр талын харилцаа, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаанд шинэ ахиц гаргах, хоёр улс, хоёр ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ