Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулсан.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.