Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР 75 ДУГААР ЧУУЛГАНЫГ УДИРДЛАА

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР 75 ДУГААР ЧУУЛГАНЫГ УДИРДЛАА

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгийн талаар мэдээлэв. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх асуудал олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах, халдварт өвчний цар тахлын үед бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний логистикийн төв байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа гишүүн орнуудад мэдэгдэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв.

Энэхүү цахим чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” болон “Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал болон хямралаас үүдэн гарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” гэсэн хоёр тогтоолыг хэлэлцэж баталлаа.