Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР МОНГОЛ ДАХЬ АВСТРАЛИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮДТЭЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР МОНГОЛ ДАХЬ АВСТРАЛИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮДТЭЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Австралийн Худалдааны танхимаас зохион байгуулсан онлайн хуралд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр оролцож, “Ковид-19 цар тахлын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын ажиллагаанд үзүүлж буй нөлөө” сэдвээр ярилцлаа. Онлайн уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл болон тус танхимын гишүүн 40 орчим бизнес эрхлэгчид оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах,  эдийн засгийг сэргээх чиглэлээр УИХ, Засгийн газраас болон ГХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрбээр цааш нь, Ковид-19 мэт цар тахлын үед бүс нутгийн орнууд шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх үүднээс “Эмнэлгийн шуурхай хариу арга хэмжээний нэгж” байгуулах саналыг бүс нутгийн орнуудад дэвшүүлэн ажиллаж буй болон цар тахлын үед худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг аль болох хэвийн явуулахын тулд хөл хорионы шинэ тогтолцоог бий болгох, тухайлбал “Хөдөлгөөнт карантин” гэсэн ойлголтыг нэвтрүүлэх санал гарган ажиллаж буй талаар мэдээлэв.

Австралийн Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл нар Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын зүгээс вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, цаашид бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын төлөө монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.